Өнөөдөр 2010-06-04




УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

ХҮҮХДИЙН ТЭТГЭВРИЙГ ТОГТООН ГАРГУУЛЖ БАЙГАА ШҮҮХИЙН ПРАКТИКИЙН ТУХАЙ

1983 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот



Дугаар 59

БНМАУ-ын Дээд Шүүхээс улсын хэмжээгээр авсан судалгаа болон Улаанбаатар хотын районы ардын шүүх, холбогдох үйлдвэр, албан газар, байгууллагад Шүүх яам, Монголын эмэгтэйчүүдийн хороотой хамтран хийсэн шалгалтын дүн, иргэний шүүн таслах ажлын практикаас үзэхэд нийт шүүх насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй тухай маргааныг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэж, тэтгүүлэгчид тэтгэврийг гаргуулж өгөхдөө хуулийг үндсэнд нь зөв хэрэглэсэн байна.

Гэвч шүүх тэжээн тэтгэхтэй холбогдсон маргааныг хянаж шийдвэрлэхдээ хариуцагчийн гэм буруу, тэтгэвэр төлөгч, авагч хоёр талын ам бүл, асрамжид байгаа хөдөлмөрийн чадваргүй хүн, гэр бүлийн орлого зэрэг хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн судлахгүй дутуу мөчид баримтыг үндэс болгох, тэжээн тэтгэх тэтгэврийг хуульд заасан хэмжээнээс доогуур тогтоох, алгуурласан /төлөөгүй/ тэтгэврийг нөхөн төлүүлэх эсэх асуудлыг хянаж шийдвэрлээгүй байхад тогтоол гүйцэтгэгч нараас цалингийн суутгалыг дур мэдэн шууд нэмэгдүүлэх, анхан шатны шүүхээс тогтоосон тэтгэврийн хэмжээг давж заалдах болон хяналтын шүүх үндэслэл муутай, үл ялих шалтгаанаар хорогдуулах зэргээр БНМАУ-ын Гэр бүлийн хуулийн заалт, шаардлагыг зөрчиж байна.

Түүнчлэн үйлдвэр, албан газар, байгууллагаас шүүхийн шийдвэр ёсоор хариуцагчийн цалингаас тэтгэврийн суутгалыг сар бүр хийж нэхэмжлэгчид шилжүүлж байгаа байдалд шүүхээс тавих хяналт, шаардлага ч сул байна.

Гэр бүлийн хуулийн 68, 69, 71-р зүйлийн заалтыг шүүхийн практикт бүрэн хэрэгжүүлэхгүй байгаагаас зарим этгээд тэтгэвэр төлөхөөс санаатай зайлсхийж ажиллаж байгаа буюу оршин суугаа хаягаа нуух,нэг байгууллагаас нөгөө байгууллагад буюу өөр орон нутагт шилжин явах, цалин, бусад орлогоо нуун булзааруулж суутгал дутуу хийлгэх зэргээр хүүхдийн эрх ашгийг хохироож чирэгдэл учруулах явдал цөөнгүй гарсаар байна. Гэтэл шүүх хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс зайлсхийгчийг эрэн сурвалжилж, гэм буруутанд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, энэ тухай иргэний паспортанд тэмдэглэх, тэтгэврийн дутууг нөхөн төлүүлэх зэрэг зайлшгүй ажиллагааг тухай бүр нь хийхгүй байна.

Энэ бүхэн нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэхээс санаатай зайлсхийгчидтэй шүүхээс хийх тэмцлийг сулруулж байгаа ноцтой дутагдал гэдгийг буруушаан тэмдэглэж, эдгээр дутагдлыг засаж, тэжээн тэтгэх тэтгэвэр тогтоох, түүний гүйцэтгэлийг хангах ажлыг сайжруулж, хүүхдийн тэтгэвэртэй холбогдох хуулийн заалтыг шүүхийн практикт нэг мөр хэрэгжүүлэх явдлыг хангах зорилгоор БНМАУ-ын Дээд Шүүхийн Бүгд хурлаас ТОГТООХ НЬ:

1.Насанд хүрээгүй хүмүүсийн эрх ашгийг хохироодог дутагдлыг бүрэн арилган засаж насанд хүрээгүй хүүхдэд тэжээн тэтгэх тэтгэвэр тогтоох тухай маргааныг шуурхай, зөв шийдвэрлэж, биелэлтийг бүрэн хангаж байх нь нийт шүүхийн тэргүүн зэргийн нэн чухал зорилт болохыг заасугай.

2.Гэр бүлийн хуулийн 61-р зүйлд заасан тэтгэврийн хэмжээг:

а/тэжээн тэтгэгчийн сарын цалин, бусад орлогоос нэг хүүхдэд 15-аас 25 хувь;

б/ хоёр хүүхдэд 25-аас 35 хувь;

в/ гурав буюу түүнээс дээд хүүхдэд 35-аас 50 хүртэл хувь гэж нэг мөр ойлгож тогтоовол зохихыг тайлбарласугай.

3.Хүүхдийн тэтгэвэр тогтоохдоо тэжээн тэтгэгч болон тэтгүүлэгч талын ам бүл, тус тусын асpамжинд байгаа хөдөлмөрийн чадваргүй хүмүүсийн тоо, гэр бүлийн орлого, үүнээс нэг хүнд оногдох хэмжээ зэрэг нөхцөл байдлыг шалгаж тогтоосны эцэст энэ тогтоолын 2-д тайлбарласан хэлбэлзлийн дотор шийдвэрлэж байвал зохино.

Тэжээн тэтгэгчийн цалин, бусад орлогын хэмжээ тогтмол биш, эсхүл орлогын заримыг биет бүтээгдэхүүнээр авахаар тэтгүүлэгчтэй тохиролцсон нөхцөлд шүүх хүүхдийн тэтгэврийн хэмжээг энэ тогтоолын 2-д заасан хэмжээний дотор бие төгрөгөөр тогтоож болохыг тайлбарласугай.

4. Эцэг тогтоох, тэтгэвэр гаргуулах маргааныг шүүх хуралд бэлтгэх явцад хариуцагч зайлхийсэн, эсхүл хүүхдийн эцгээр бүртгэгдсэн буюу гэрлэлт цуцлах хүсэлт гаргаагүй, уул хэргийг шүүх хурлаар хэлэлцэхийг хойшлуулсан, түдгэлзсэн тохиолдолд хүүхдэд материалын туслалцаа шаардлагатай байгаа нь тогтоогдвол /уул хэргийг шийдвэрлэгдэх хүртэл хугацаа зааж/ тэжээгчээс түр хугацаагаар тэтгэвэр тогтоож болохыг тайлбарласугай.

5.Гэр бүлийн хуулийн 68-р зүйлд зааснаар “Тэжээн тэтгэхээс зайлсхийсэн” гэдэг нь тэжээн тэтгэгч ажиллаж байгаа газар, оршин суугаа хаяг болон цалин орлогоо нуун булзааруулах, өөр байгууллага, орон нутагт шилжсэнээ мэдэгдэхгүй байх, тэтгүүлэгчийг тэтгэвэр авахаас татгалзуулах зорилгоор шахалт, дарамт үзүүлэх, түүнийг төлөөлж хуурамч бичиг баримт үйлдэх зэргээр шүүхийн шийдвэр ёсоор төлбөл зохих тэтгэврийг элдэв арга хэрэглэж цалин орлогоосоо суутгуулахгүй хүүхдийн эрх ашгийг хохироосон гэм буруутай үйлдэл буюу эс үйлдэл байхыг тайлбарласугай.

6.Хүүхдээ тэжээн тэтгэхээс санаатай зайлсхийж байгаа нь хэргийг шүүх хуралд бэлтгэх явцад тогтоогдвол Гэр бүлийн хуулийн 71-р зүйлийг үндэслэж алгуурласан /төлөөгүй/ тэтгэврийг нөхөн төлүүлж байсугай ( Энэ заалтаас “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 4-р зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэж байх гэснийг” Улсын дээд шүүхийн 1997 оны 399 дүгээр тогтоолоор хассан).

7.Шүүхийн шийдвэрээр эцэг, эх байх эрхээ хасуулснаас асран хамгаалах, харгалзан дэмжих байгууллагад шилжсэн хүүхдээ эцэг, эх нь тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй учир уул маргааныг хянан шийдвэрлэх явцад тэжээн тэтгүүлэгч хүүхдэд тэтгэвэр тогтоох асуудлыг хамт шийдвэрлэж байсугай.

8.Төлөөгүй тэтгэврийг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ шүүх дор дурьдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж байсугай:

а/ тэжээн тэтгүүлэгч нь тэтгэвэр авах эрх үүссэнээс хойш тэтгэвэр гаргуулахаар дуртай цагтаа шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй боловч шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс эхлэн тэтгэврийг төлүүлнэ.

Тэтгэвэр гаргуулах нэхэмжлэлийг шүүх хянаж байх үед хариуцагч тэтгэврийг төлөхөөс зориуд зайлсхийснээс болсон буюу гүйцэтгэх хуудсанд зааснаар тэтгэвэр төлөөгүй явдал нь тэжээн тэтгэгч тэтгэвэр төлөхөөс зориуд зайлхийснээс болсон бол Гэр бүлийн хуулийн 70, 71-р зүйлийг үндэслэж “гурван жил” хүртэл хугацааны төлөөгүй тэтгэврийг нөхөн төлүүлж болно:

б/ шүүхийн шийдвэрээр тэтгэвэр авч байгаа тэтгүүлэгч хүүхэд хүндээр өвчилсөн буюу гэмтсэнээс нэмэлт тэтгэмж шаардсан тохиолдолд шүүх хуралд бэлтгэх явцад эмчийн акт, эмчилгээний зардал гарсан буюу уг зардал шаардлагатай нь тогтоогдсон нөхцөлд шүүх тэжээгчээс дээрхи зардлын заримыг буюу бүгдийг нөхөн төлүүлэх ажиллагааг Гэр бүлийн хуулийн 61-р зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн шийдвэрлэж болохыг тайлбарласугай.

Үүнтэй холбогдуулж тэтгэврийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг шүүх хянаж шийдвэрлэлгүй чирэгдүүлэх, тогтоол гүйцэтгэгч тэжээн тэтгэгчийн цалингийн хувийг шууд нэмэгдүүлж суутгал хийдэг буруу практикийг хориглосугай.

в/ тэжээн тэтгэгчийн төлөөгүй тэтгэврийг шүүх нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ тэжээгчийн сарын цалингийн 50 хувиас хэтэрч суутгал хийгдэх тохиолдолд түүний хөрөнгөнөөс албадан гаргах заалтыг шийдвэртээ тодорхой зааж байвал зохино.

9. Алгуурласан /төлөөгүй/ тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай маргааныг шүүх хуралд бэлтгэж байх явцад хариуцагч өвчилсөн буюу өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар цалин, орлогогүй байсан, түүний гэр бүлийн гишүүдэд хүнд гачигдал тохиолдсоноос тэтгэвэр төлөх бололцоогүй байсан нь тогтоогдвол уул тэтгэврийг нөхөн төлөхөөс бүрэн буюу заримыг чөлөөлөх асуудлыг Гэр бүлийн хуулийн 72-р зүйлийг үндэслэн магадлалаар шийдвэрлэж байсугай.

10. Тэжээн тэтгэгч болон тэтгүүлэгч хоёр талын аж амьдралын нөхцөл /ам бүл, асрамжлах хүний тоо, эрүүл мэнд/ өөрчлөгдсөнөөс шүүхээс урьд тогтоосон тэтгэврийн хэмжээг хасах буюу нэмэгдүүлэх тухай хүсэлт гарсан цаг тухайд нь хүлээн авч, шуурхай шалган шийдвэрлэж байсугай. Гэхдээ шүүхээс анх тогтоосон тэтгэврийн хэмжээнээс хэтрүүлж болохгүй. Харин тэтгэврийг багасгаж байгаа тохиолдолд тэтгүүлэгч нь шаардлагатай үедээ анх тогтоосон хэмжээгээр тэтгэвэр авах хүсэлт гаргах эрхтэйг шүүхийн магадлалд зааж байвал зохино.

11.Хүүхэд 18 нас хүрэх, эсхүл тэжээн тэтгүүлэгч хөдөлмөрийн чадвартай болсон, тэтгэвэр авагч нас барсан нөхцөлд шүүхийн шийдвэрт заасан тэтгэвэр авагч хүүхдийн төрсөн он, сар, өдөр, тэтгүүлэгч ажилд орсон тухай байгууллагын захиргааны тушаал, нас барсны гэрчилгээ зэрэг баримтыг үндэслэж шүүхийн тогтоол гүйцэтгэгч тэтгэврийг зогсооно.

Харин тэтгүүлэгч нь тэжээн тэтгэгчээс тэтгэвэр авахыг татгалзсан тухай хүсэлт гаргаж тэдний эвлэрсэн нөхцөлд Иргэний байцаан шийтгэх хуулийн 265-р зүйлийн 1 дэх заалтыг удирдлага болгон шүүхийн магадлалаар шийдвэрлэж байвал зохихыг тайлбарласугай. Харин энэ байдлаар тогтоол гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгсэхгүй болгохдоо тэтгүүлэгч нь шаардлагатай үедээ уул тэтгэврийг авах тухай хүсэлт гаргах эрхтэй болохыг шүүхийн магадлалд дурдаж байвал зохино.

12.Хүүхдийн тэтгэвэр авагчийн асрамжнаас тэтгэгчийн асрамжид өөрийн хүсэлт болон эцэг, эхийнхээ харилцан тохиролцсоноор шилжсэн тохиолдолд тэтгэгчийн хүсэлтийг үндэслэж тэтгэврийг зогсоож болохыг тайлбарласугай. Гэхдээ тэжээн тэтгэгч нь зальт арга хэрэглэж хүүхдийг булаан авсан бол тэтгэврийг зогсоож болохгүй.

13.Ардын шүүхийн шийдвэрээр тэжээн тэтгэгчийн сарын цалин орлогоос хуульд заасан хэмжээгээр тогтоосон тэтгэврийн хэмжээг дээд шатны шүүхийн шүүх коллеги хуулийн үндэслэл муутай, ялимгүй шалтгаан зааж хорогдуулдаг ажиллагааг буруушаасугай.

14.Тэжээн тэтгэх тэтгэвэр тогтоолгох тухай нэхэмжлэл нь шүүхийн сонгон авах харьяалалд хамаарах учир уул нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд шилжүүлж чирэгдүүлэлгүй хүлээн авч шуурхай хянан шийдвэрлэж байсугай.

Харин тэжээн тэтгэгч нь хүүхдийг хууль бусаар өөртөө авсан нь түүнээс тэтгэврийг зогсоох үндэслэл болохгүй.

15.Шүүхийн хэд хэдэн шийдвэрээр тэтгэвэр төлөх болсон тэжээн тэтгэгчийн тэтгэврийн нийлбэр нь түүний орлогын 50 хувиас давахад хүрсэн нөхцөлд уг тэтгэврийг биелүүлж байгаа шүүх Иргэний байцаан шийтгэх хуулийн 276-р зүйлийн 1-ийг удирдлага болгон тэтгэгчийн сарын орлогын 50 хувийн дотор тэтгүүлэгч бүх хүүхдэд тэтгэвэр гаргуулахаар шийдвэрлэж байвал зохино.

16.Тэжээн тэтгэгчээс тэтгэвэр тогтоох тухай хэргийг шүүх хуралд бэлтгэхдээ тэжээн тэтгэгч /хариуцагч/-ийн фото зураг, түүний хаяг, төрөл садан, эхнэр, нөхөр нь хаана оршин суудаг, ямар ажилтай зэрэг хожим эрэн сурвалжлах шаардлага гарвал зайлшгүй хэрэглэгдэх баримт нотолгоог хэрэг бүрт заавал бүрдүүлэн авч хавтаст хэрэгт хийж байсугай.

17.Тэтгэвэр тогтоосон болон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай шүүхийн шийдвэр нь Иргэний байцаан шийтгэх хуулийн 161-р зүйлд зааснаар “даруй биелүүлэх шийдвэр”- т хамаарах учир уул шийдвэр гарсан өдрөөс тэжээн тэтгэгч нь сайн дурын үндсэн дээр биелүүлээгүй нөхцөлд нэн даруй биелүүлэх ажиллагааг шүүх хийж байвал зохино.

Үүнтэй холбогдуулж тэжээн тэтгэгчийн цалин, бусад орлогоос суутгал хийх мэдэгдлийг албан байгууллагын санхүүд цаг тухайд нь өгөхгүй удаашруулж хүүхдийг удаан хугацаагаар хохироож чирэгдүүлдэг дутагдлыг хориглон зогсоосугай.

18.Шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн аваад тэжээн тэтгэгчийн цалингаас сар бүр суутгал хийгээгүй, тэжээн тэтгэгч хэдийд, хаана шилжсэнийг мэдэгдээгүй буруутай хүмүүст шүүхээс тавих шаардлагыг эрс өндөржүүлж, хуульд зааснаар торгууль оногдуулдаг журмыг хэрэгжүүлсүгэй.

19.Тэжээн тэтгэгчийн хаяг тодорхойгүй болсон тохиолдолд “тэжээн тэтгэх үүргээс зайлсхийгчдийн паспортанд тэмдэглэл хийх журам”-ын хоёр дахь хэсэгт заасны дагуу шүүхийн магадлалаар эрэн сурвалжлах ажиллагааг цагдан сэргийлэх байгууллагаар хийлгэдэг журмыг хэвшүүлсүгэй.

20.Тэтгэвэр тогтоох талаар гарсан нэхэмжлэлийг шүүх хуралд хэлэлцүүлэхээр бэлтгэх ажиллагааны явцад эцэг, эх нь хүүхэдтэйгээ зохисгүй харьцах, материаллаг хангамжаар гачигдуулах, архидан согтуурах, бие биеэ үл хүндэтгэх зэргээр хүүхдийн хүмүүжилд илт муугаар нөлөөлөх дутагдал тогтоогдсон нөхцөлд шүүх гэм буруутай этгээдэд олон нийт, хамт олны байгууллагын зүгээс арга хэмжээ авахуулахаар энгийн магадлал гаргаж, түүний мөрөөр тодорхой ажил зохиолгож байсугай.

21.Аймаг, хот, тусгай шүүхийн дарга нарт үүрэг болгох нь:

а/ шүүхээр тэжээн тэтгэх тэтгэврийн маргааныг шийдвэрлэж, биелүүлж байгаа шүүхийн практик, түүнд шүүхээс хяналт тавьж байгаа байдлыг сүүлийн 3 жилээр судлан,ололтыг бататгах, дутагдлыг арилгах арга хэмжээ авч дүнг 1984 оны 7-р сард Дээд Шүүхийн практик судлах хэлтэст ирүүлсүгэй.

б/ шүүхийн дансанд шилжүүлсэн мөнгийг тэжээн тэтгэгчид сар бүр олгож байх шуурхай ажиллагааг хэвшүүлсүгэй.

в/ тэжээн тэтгүүлэхтэй холбогдуулж гарсан иргэдийн өргөдөл, гомдлыг шуурхай, зөв хянан шийдвэрлэж, хариуг цаг хугацаанд нь тодорхой өгч байсугай.

г/ хүүхдийн тэтгэврийн биелэлтийн байдлыг улирал бүр шалгах ажлыг зохион байгуулж энэ талаар шүүгч, гүйцэтгэгч нарын илтгэл, сонсголыг аппаратын зөвлөлгөөнөөр хэлэлцэж, хариуцлагыг нь эрс өндөржүүлж ажиллах хэрэгтэй.

22. Тэжээн тэтгэгчийн цалингаас суутгал хийж, тэтгэврийг шилжүүлж байгаа байдлын талаар сар тутам холбогдох байгууллага бүрт шалгалт хийж тэдний хариуцлагыг эрс дээшлүүлэх, тэтгүүлэгч хүүхдэд тэтгэврийг сар бүрийн 10-ны дотор олгох тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Дээд Шуухийн тогтоол гуйцэтгэлийн тасаг болон аймаг, хот, тусгай шүүхийн шүүгч, тогтоол гүйцэтгэгч нарт заасугай.

23. Энэ тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг БНМАУ-ын Дээд Шүүхийн иргэний хэрэг эрхэлсэн шүүх коллеги, шүүхийн байгууллагын хэлтэс, аймаг, хот, тусгай шүүхийн дарга нарт даалгасугай.

24. Энэ тогтоол гарсантай холбогдуулж БНМАУ-ын Дээд Шүүхийн Бүгд хурлын 1973 оны 10/З0-р тогтоолын 20, 21, 22, 23-р заалтыг хүчингүй болгосугай. 


                              БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН ДАРГА                                                                                                           Б.ЧИМИД 



                              БНМАУ-ЫН ДЭЭД ШҮҮХИЙН ГИШҮҮН, БҮГД ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                      Н.ГАНБАЯР


start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)